Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их давс хэрэглэдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-26 10:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөний санаачилгаар, “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсэнд давс бага хийх, улмаар тус бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.  

Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдсэн бөгөөд энэ жил “Давсыг хоолны цэснээс хасъя!” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 1-нд тэмдэглэх юм.

Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-өөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна.

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар, 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна.

Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их /хоногт дунджаар 11 г/ давс хэрэглэж, 19.5 хувь нь давс ихтэй хоол, хүнсний талаар ойлголт мэдлэггүй байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.

НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги /2015-2025/”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заасан.    

Хоолыг давсаар биш цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайгаа давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах зэргээр давсны хэрэглээгээ багасгахыг уриалж байна.

Связанные новости