Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө нэр, хаягийг бүртгэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-12 15:13:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нээлээ. Уг төв үйлчлүүлэгчийнхээ нэр, хаягийг бүртгэхгүй гэдгээрээ онцлог аж.   


Манай улсад  4 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг. Тэд СЭМҮТ болон аймаг дүүргийнхээ сэтгэцийн эмчид ханддаг ч, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээ тулгардаг байна. Мансуурах бодис хэрэглэж үзсэн, гэр бүлийн хэн нэгэн нь хэрэглэсэн байхад эмнэлэгт үйлчлүүлэхээр нэр, хаяг, регистрийн дугаараа  бүртгүүлэх болно. Цагдаад өргөдөл өгөхөөр ямар нэгэн хэрэгт холбогдохоос болгоомжилно. СЭМҮТ-д хэцүү хүмүүс очдог гэсэн ойлголтоосоо болоод зайлсхийнэ. Хувийн сэтгэл зүйн зөвлөгөө авах гэхээр төлбөр мөнгөний асуудал ч үүснэ.

Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн будлиан, хардалт, сэтгэл гутрал, айдас түгшүүр, амиа хорлох бодол, архи болон бусад донтох эмгэг, нойргүйдэл, цахим хүчирхийлэ, ангийн хүүхдүүдтэйгээ таарахгүй гэх мэт сэтгэл зүйн асуудалтай ч байж болно.  Эдгээр асуудлыг дээрх төвийн үйлчилгээ шийдэх юм.  


Үйлчлүүлэгч өөрийнхөө нууцыг хамгаалуулан, санаа зовохгүйгээр сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчээс үнэ төлбөргүй,  хугацаа алдахгүй, нүүр нүүрээ харж суугаад зөвлөгөө авах боломжтой. Мансуурал зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс олширч байгаа энэ үед ийм төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг ДЭМБ ч зөвлөж байна. Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”, “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” зэрэгт эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, сэтгэл зүйн тусламж үзүүлэх  ажлыг чухалчилж байгаа билээ.   
Бүх насныхан сэтгэцийн мэргэшсэн туршлагатай сэтгэл засалч эмчээс ажлын өдрүүдэд 10-16 цагийн хооронд зөвлөгөө авах боломжтой ажээ. Тус төв Спортын төв ордны хойд талд, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 1 давхарт байрлаж байна.

 

 

Связанные новости