Эрүүл мэндийн яамны гадна талбайд эцэг эхчүүд жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн олон сурагчаас сүрьеэгийн халдвар илэрсэн. Энэ асуудлыг эрүүл мэндийн сайд анхаарахгүй байна хэмээн Эрүүл мэндийн яамны гадна талбайд эцэг, эхчүүд өнөөдөр жагслаа.
Тэд албан тушаалтнуудаас хариуцлага нэхэн, огцрохыг шаардаж байв. Ялангуяа, эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байгаад жагсагчид шүүмжлэлтэй хандаж байв. Энэхүү жагсаал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр, манай улсын 100 мянган хүн ам
тутамд 547 хүн сүрьеэгийн халдвартай нь тогтоогджээ. Нэг хүний сүрьеэ өвчнийг
эмчлэхэд багадаа 1 сая, цаашлаад 40-50 сая төгрөг шаарддаг. Тиймээс халдвартай
хүүхдийг тусгаарлан эмчлэх нь нэн тэргүүний асуудал байх ёстой хэмээн жагсагчид үзэж байна.
Дашрамд дурдахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529
сурагч, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд 70 сурагч, Төв аймагт 200 сурагч
сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогджээ.
М.Батчимэг
Гэрэл зургийг Н.Батбаяр