Д.Сарангэрэл: Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд өрхийн эмнэлэг чухал үүрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгийг мэргэжилтнүүүд онцлов.
Тус хэлэлцүүлгийг ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
Өрхийн эмнэлгийн холбоо, НҮБ-ын Хүн амын сан болон Төрийн бус байгууллагууд хамтран
зохион байгууллаа.
2017 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд 4005 эрүүл
мэндийн байгууллага үйл ажиллаж байгаагаас 549 сум, тосгон, өрхийн эрүүл
мэндийн төв хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл
мэндийн ажилтнууд нийт 50519 байгаагийн 92.8 хувь нь эрүүл мэндийн салбарын,
7.2 хувь нь бусад салбарын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна. Тэднээс
22.3 хувь нь анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллан эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд 218 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж,
нийт хүн амын 68.8 хувь буюу 2.2 сая хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ
үзүүлж байна.
Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмж болгож байгаа
“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “Бүх нийтийн эрүүл мэндийн
хамралт”-ыг хэрэгжүүлэх, “Хүн төвтэй тусламж үйлчилгээний цогц загвар”-ыг бий
болгохыг зорин ажиллаж байгааг онцоллоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “ДЭМБ-ын зөвлөмжид анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлж байж хүн амынхаа эрүүл мэндэд анхаарах боломж бүрдэнэ гэж тусгасан. Тийм ч учраас Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй 218 өрхийн эрүүл мэндийн төвүүдээ бэхжүүлэхээр ЭМЯ ажиллаж байна. Өрхийн эмнэлгийг дэмжин ажилласны үр дүнд 2016 онд 69.89 байсан монгол хүний дундаж наслалт үндэсний хэмжээнд 70.2 боллоо. Бид энэ тоог “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас дэлхий нийтийн өмнө авсан амлалтын дагуу 2030 он гэхэд 78-д хүргэх зорилт тавьсан. Үүнд чухал хувь нэмрээ оруулах өрхийн эрүүл мэндийн төвүүдээ дэмжих нь эрүүл мэндийн салбарын бодлогын цөм гэж үзэж байна. Хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, өвдөж эхлэхэд шуурхай эмчилвэл хувь хүнд болон улс орны эдийн засагт ч хүндрэл учрахгүй байх боломж бүрдэж хоёр, гуравдахь шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулна. 2016 онд өрхийн эрүүл мэндийн төвд нэг хүнд оногдох тариф 14600 байсан бол өнөөдрийн байдлаар 20000 болсон. Энэ тарифыг 2020 онд 25000-д хүргэхээр сангийн яамд саналаа хүргүүлэхээр бэлтгэж байна” хэмээв.
БЗД 26-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга
Ё.Сугарбаяр, “Бэлтгэгдсэн хүний нөөц болон байрны асуудал хангалтгүй байна. Манай
хороо 24 мянган хүн амтай ч ЭМЯ-наас 14 мянган хүн амын санхүүжилт өгөхөөр
хүний нөөцөө хангалттай хэмжээнд ажиллуулж чадахгүй байна. Бид 4 эмч, 8
сувилагчийн дутагдалтай ажиллаж байгаагаас үүдэж эмч нар ажлын байран дээр ядрах,
тогтвортой ажиллахгүй байх зэрэг асуудал гарч байна. ЭМЯ сургалтын төлөвлөлтөд өөрчлөлт оруулж өрхийн
эмнэлэгтээ олон жил ажилласан эмч
сувилагчийг эрэлт хэрэгцээтэй нарийн мэргэжлээр мэргэшүүлбэл тогтвортой
ажиллах боломжтой. Мөн өрхийн эрүүл
мэндийн төвийн байрны асуудал хүнд байна”
гэв.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эмч нарын төлөөлөл, өрхийн
эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудын нийгмийн асуудал дандаа
орхигдож байдгийг засаж залруулж, нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд анхаарах,
эмнэлгийн байр сууцыг томсгох зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар саналаа хэлж
байлаа.
Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргах бөгөөд
зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж ажиллах юм.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын 152 хорооны 134 өрхийн
эрүүл мэндийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгийн эмч,
сувилагч нар оролцов.
М.Батчимэг