БЗД-ийн зургаан хорооны иргэдэд АШУҮИС-ийн эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-10 10:34:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар энэ сарын 5-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Энэ хүрээнд тус дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээтэй танилцсан бөгөөд иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь сонсон хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

НЗДТГ-ын явуулын байранд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71 мянга гаруй иргэнд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлэхээр зөвшилцсөн байна.

АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн  эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг наймдугаар сарын 1, хэвтүүлэн эмчлэх ажлыг 10 дугаар сарын 1, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг 12 дугаар сарын 1-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн энэхүү уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих эмнэлгийн барилгын газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.


Связанные новости