С.Батсайхан: Нянгийн эсрэг эм бэлдмэлийг хяналттай хэрэглэх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад мал эмнэлгийн болон хүн эмнэлгийн салбарт хэрэглэж буй антибиотик буюу нянгийн эсрэг эм бэлдмэлийн хэрэглээг зохицуулахад анхаарах хэрэгтэйг “Нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээ” сэдэвт хурлын үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга С.Батсайхан онцлов.
Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар Монголын мал эмнэлэгт 820 гаруй эм бүртгэлтэй. Малд антибиотик хэрэглэж болно. Гэхдээ эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой. Манай улсад эмийн замбараагүй хэрэглээ байсаар байна. Антибиотик хэрэглэж буй тун хэмжээ, төрлөөсөө хамаараад биеэс гадагшлах хугацаа нь өөр өөр байдаг. Малчид дур мэдэн баталгаагүй газраас нэрийг нь ч мэдэхгүй эм бэлдмэл худалдан аваад малдаа хэрэглэдэг. Иргэд малын эмчийн зааврын дагуу эм хэрэглэх хугацаа, хэмжээ зэрэг мэдээллийг авч, антибиотик хэрэглэсэн малын мах, сүүг хэдий хугацааны дараа ашиглаж болохыг тодруулсны дараа хэрэглэх шаардлагатай” гэв.
2018 оны тооллогоор манай улсын малын эмийн бүртгэлд нийтдээ
827 эм бүртгэгдсэн бөгөөд үүний 185 нь дархлаа дэмжих, бодисын солилцоонд
голлон нөлөөлөх, 168 төрлийн нянгийн эсрэг эм агуулсан бэлдмэл байна.
2018 оны сүүлээр нийт 66 сая мал бүртгэгдсэний 0.18 хувь буюу 170 мянга орчим өвчилжээ. Эдгээр малд нянгийн эсрэг эм бэлдмэл хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэржсэн мал аж ахуй өндөр хөгжсөн орнуудад өдөр бүр амьтдад нянгийн эсрэг эм хэрэглэж байгаагаас нянд тэсвэртэй болж эхэлдэг аж.
Ази номхон далайн бүс нутгийн орнууд нянгийн эсрэг бэлдмэлийг маш өргөн хэрэглэдэг учраас Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран энэ чиглэлийн ойлголтыг бэхжүүлэхээр тус хурлыг зохион байгуулав. Малчид өвчнийг нянгаар үүсгэгдсэн эсэхийг оношилж мэдсэний дараа нянгийн эсрэг эм бэлдмэлийг хэрэглэх ёстой. Өнгөрсөн жилээс эхлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулинд антибиотикийг оношгүй ашиглахыг хориглосон гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
Хуралд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газар, бусад лаборатори болон эмийн бизнес эрхэлдэг хувийн
хэвшлийнхэн оролцсон юм.
М.Батчимэг