Д.Сарангэрэл: Сүрьеэгийн эмнэлэг байгуулахад гадаад орнууд дэмжихээ илэрхийлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
ДЭМБ-ын тооцоолсноор, жил бүр шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөл 10 саяд хүрчээ. Үүний 60 хувь нь Ази
тивээс бүртгэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Энэ удаагийн
хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Тайвань, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг улс орны 100 гаруй
эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн оролцож, өөрсдийн орны сүрьеэгээс
сэргийлэх чиглэлээр баримталдаг бодлого, ололт амжилт, судалгаа, шинэ аргачлал
зэргийг хуваалцаж туршлага солилцов.
Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь Монгол Улсын өмнөд хөрш БНХАУ, хойд хөрш болон ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгджээ. Хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж буй сүрьеэ өвчнөөр 2000 оноос хойш дэлхийд 30 сая гаруй хүн нас барснаас, дийлэнх нь Ази болон Африкийн оронд тохиолдсон байна. Тиймээс улс орнууд тус бүртээ бус Ази тивээрээ нэгдэн энэ өвчний эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан эрдэмтэд дурдаж байв.
Сөүлийн их сургуулийн багш Ли Хоан Жон, “Сүрьеэг нууц үед нь илрүүлж чадаагүй тохиолдолд дараа нь эмчлэхэд хүндрэлтэй болдог. Сүрьеэг нууц үед нь илрүүлэх тоног төхөөрөмжийг ашиглан хийх эмчилгээний аргачлал нь 10 жилийн өмнөөс эхлэн зөвхөн насанд хүрэгчдэд ашиглаж байсан бол одоо хүүхдийн сүрьеэг эмчлэх боломжтой болсон. Тиймээс энэхүү аргачлалыг Азийн бүх оронд хэрэгжүүлэхээр судалж байна” гэлээ.
Сүрьеэгийн өвчлөлийн шинэ тохиолдлын 59.8 хувь нь
Улаанбаатар хотод байгаа бөгөөд “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг
Солонгос, Монголын хамтын ажиллагаа” төслийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж
байгааг Солонгосын үндэсний сүрьеэгийн
нийгэмлэгийн албаныхан хэлж байлаа.
Монгол Улсад сүрьеэгээр өвчлөгсдийн 65 хувийг 15-45 насны
хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Дэлхийд жилд 10 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.6 сая хүн нас барж байна. Үүний 47 хувь нь манай хөрш орнуудад тохиолдож байна. НҮБ-аас улс орнуудыг сүрьеэгийн эсрэг нэгдэж, хамтарч ажиллахыг уриалсан. Тиймээс дэлхий дахины асуудал болоод буй сүрьеэ өвчний эсрэг улс орнууд дан дангаараа биш хүчээ нэгтгэн хамтран тэмцэх шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газар сүрьеэгийн эмнэлэг байгуулахаар ажиллаж байгааг хуралд оролцогч улс орнууд дэмжин ажиллахаа илэрхийлсэн” гэв.
Хуралд оролцогчид, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хүнд хэлбэр нь эмчлэхэд бэрхшээлтэй байдаг. Энэ хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эмчлэх эмийн зардлаар 245 энгийн сүрьеэтэй өвчтөнг эмчлэх боломжтой гэдгийг хэлж байв.
М.Батчимэг