Үндэсний оношилгоо, эмчилгээний төв үүдээ нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлтэй зээлээр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн барьсан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтад орууллаа.
Хамгийн орчин үеийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий тус төвийг нээж Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан хэлэхдээ, "Энэхүү төв маань БНСУ болон манай улсын хамтын ажиллагааны бэлгэдэл болж, сая сая хүний амьдралыг аварна гэдэгт найдаж байна. Төслийн гүйцэтгэгчээр ажилласан BOMI констракшн болон бусад зөвлөх, гүйцэтгэгч компаниуддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Нэг баг болж ажиллаж чадсан та бүхний хичээл зүтгэлээр Монголын ард түмэн бахархах болно. Энэ эмнэлгийн булан тохой бүрт бидний хүсэл эрмэлзэл шингэсэн. Иймээс хүн арддаа эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх арвин үүрэгтээ тууштай байж, хүн бүр хичээн ажиллана гэж найдаж байна. Энэ төвд маань сая сая хүн ирж өвчнөө эмчлүүлээсэй, эрүүл болоосой гэж хүсэж байна" гэв.
Тус төвийн нээлтэд Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, баяр хүргэв.
Ерөнхийлөгч хэлэхдээ, “Өнөөдөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг шинээр нээж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн онцгой үйл явдал болж байна. Улс орон хөгжихийн тулд ард түмэн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд бидний байнга ярьж, шүүмжилдэг оношилгооны асуудал чухал. Эрт оношлуулж байж эрт эмчлүүлнэ. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан энэхүү төвд олон хүн эмчлүүлж, эрүүл болох болтугай гэсэн бэлгэдлийн сайхан үг хэллээ. Нээлтэд оролцож байгаа болон энэхүү төслийг эхнээс нь дуустал гар бие оролцсон та бүхэнд дахин баяр хүргье. Мөн тангараг өргөсөн олон эмчийн ажлын орчин сайжирч байгаад маш их баяртай, сэтгэл хөдөлж байна” хэмээв.
Энэхүү төвийг ашиглалтад оруулж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Үндэсний оношилгоо эмчилгээний төв бол зөвхөн эрүүл мэндийн салбарынхны төдийгүй Монголын ард түмний мөрөөдөл, хүлээлт байлаа. Тус төвийг ашиглалтад оруулснаар гадаадад явж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг иргэдийн урсгал эрс буурна. Судалгаагаар гадаад орныг зорьж байгаа иргэдийн гуравны хоёр нь эмчилгээ, гуравны нэг нь оношилгоо хийлгэхээр явж байгаа дүн гарсан. Энэхүү төвд анх удаа эрүүл мэндийн салбарт PET-CT суурилуулсан. Энэ нь хавдрыг хамгийн жижиг байхад нь, хавдрын түвшинг тодорхойлох боломж бүрдүүлж байгаа. Өнөөдөр зүрх судасны өвчлөлийн нас баралт дэлхийд тэргүүлж байгаа. Мөн манай улсад зүрх судасны шалтгаантай нас баралт эхэнд нь явж байгаа. Энэхүү нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зөвхөн Улсын Гуравдугаар төв эмнэлэг үзүүлдэг байсан бол судсан дотуурх эмчилгээ буюу ангиографын эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ төвд үзүүлдэг болно. Түүнчлэн олон улсын түвшний эмнэлгийн тусламж эмчилгээг үзүүлнэ” гэв.
Тус төв нь нийт 15.600 хавтгай дөрвөлжин ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга юм. Хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, лабораторийн тасаг, дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасаг, мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний хоол зүйн тасагтай үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр тасагт 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.
Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон эмиссон томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох боломжтой аж.
Яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх тасгаас гадна изолятор буюу сөрөг даралттай тусгаарлах өрөөнүүдийг байгуулжээ. Мэс заслын тасаг 90 ортой бөгөөд өрөө бүр агааржуулах систем, эмчлүүлэгчийн удирдлагын системээр иж бүрэн тоноглосон байна.
Эмнэлгийн эмч мэргэжилтнийг бэлтгэх ажлын хүрээнд, БНСУ-д долоон удаагийн сургалтад
,,42 эмнэлгийн мэргэжилтнийг
хамруулжээ. Дотоодод буюу ажлын байран дахь 12 удаагийн сургалтад 110 эмч
мэргэжилтэн, инженер техникийн ажилтныг сургасан байна.
Энэхүү төв өдөрт 1100-1200 иргэнд үйлчлэх боломжтой. Нийт 400 ажилтантай бөгөөд шаардлагатай 350 ажлын байранд эмнэлгийн ажилтан сонгон шалгаруулах аж.