Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 3700 иргэнийг хамруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүллээ.
Зөвхөн элэгний эхо үзлэг, В, С вирусын илрүүлэх шинжилгээнд 3700 гаруй хүн хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын 200 орчим ажиллагсад үйлчиллээ. Эрүүл мэндийн даатгалтай болон даатгалгүй иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн асарт бүртгүүлснийхээ дараа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдан, шинжилгээний хариугаа 30 минутын дараа авч байв. Мөн энэ үеэр улсын I, II, III төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ болон Мөнгөн гүүр эмнэлэг, Элэгний төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд дотор эхо үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг бүрэн зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байгаа юм.
ЭМЯ-ны Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал “”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирусын шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай 904 мянга 539 иргэн, эрүүл мэндийн даатгалгүй 40-50 мянган иргэнийг хамруулсан. Түүнчлэн элэгний B, С вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын байгууллагын гэрээт эмийн сангуудаас хөнгөлөлттэй, зарим эмийг үнэ төлбөргүй олгож байгаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд манай улсыг ДЭМБ-аас элэгний өвчлөлтэй тэмцэж буй жишиг улсаар нэрлэсэн. Өнөөдөр бид эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй хүмүүсийг ч үзлэг шинжилгээнд хамрууллаа. Харин эрүүл мэндийн даатгалтай иргэд харъяа эрүүл мэндийн төвүүд дээрээ үзлэг шинжилгээнд хэзээд үнэ төлбөргүй хамрагдаж болно” хэмээв.
Маргааш буюу энэ сарын 27-нд 16-20 цагийн хооронд Дэлхийн хепатитийн өдөр"-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд элэгний тэргүүлэх зэргийн эмч нар иргэдэд төлбөргүй зөвлөгөө, мэдээдлэл өгнө.