Улс орнууд цар тахлаас сэргийлэхэд хамтран ажиллах шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсад анх удаа зохион байгуулж буй уг зөвлөгөөнд АНУ, Австрали,
Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч дэлхий дахины
томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж
туршлага солилцож байна.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн онцгой байдал хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Чин-Кей Ле: Томуугийн цар тахлын аюулаас хамгаалахын тулд улс орнууд хамтран ажиллаж мэдээлэл солилцох шаардлагатай. Эрүүл мэндийн тогтолцоо сайн бэхжээд аливаа өвчин халдвараас иргэдээ хамгаалах чадвартай болох юм бол онц ноцтой байдал тулгарсан ч асуудалгүй даваад гарна. Нөгөө талаасаа халдвар гэдэг бол аливаа улсын хил хязгаарт баригддаггүй, хил дамнан дамжиж тархаж байдаг учраас улс орны хамтын ажиллагаа бие биедээ туслах уялдаа холбоо чухал байх ёстой. Бас нэг зүйлийг онцлоод хэлэхэд, томуугийн эсрэг чадавхыг бэхжүүлэх, томуугийн эсрэг мэргэжилтнүүдийг бэлтгэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоо буюу ерөнхий чадварыг маш сайн ахиулснаар ямар ч халдварт өвчнөөс аль ч улс үндэстэн өөрийгөө хамгаалж чадна.
Австрали улсын ДЭМБ-ын Томуугийн лавлагааны төвийн орлогч дарга Доктор Иан Барр: Манай улсын хувьд, Монгол Улстай уур амьсгал их төстөй. 2019 оны улирлын томуугийн өвчлөл нэлээд өргөн цар хүрээтэй байлаа. Бид томуугийн эсрэг арга хэмжээг лабораторид түшиглэсэн тандалтын тогтолцоог ашигладаг. Мөн эмнэлгүүд идэвхтэй оролцдог. Томуугийн халдвараар хүний амь нас эндсэн тохиолдолд тандалтын тогтолцоогоо маш нарийн хянаж, учир шалтгааныг нь илрүүлдэг. Энэ жил томуугийн улирал нэлээд эрт эхэлж байна. Манай улсад 75-аас дээш насны хүмүүс томуугийн халдвар авсан тохиолдолд эмнэлэгт шууд хүргэгддэг.
ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр: Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-4 үүсгэгчтэй томуугийн вакцин үйлдвэрлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа юм байна. Дөрвөн үүсгэгчийн хоёр нь өмнөх жилүүдэд манай улсад гарч томуугийн гол үүсгэгч болж байсныг та бүхэн сайн мэдэх байх. Тодруулбал, томуугийн А хүрээний H1N1 вирус болон H3N2 вирус хэвээрээ хадгалагдаж байна. Нөгөө талаар В хүрээний вирусийн хувьд дэд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөх шинжтэй байгаа юм. Дэлхий даяар тархсан томуугийн тандалтын төвүүдийн дээж сорьцон дээр үндэслэж чиг хандлагыг нь тогтоодог. Үүний дагуу Монгол Улсад зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакциныг ДЭМБ-уудад захиалж байна.
Академич, АШУ-ы доктор, профессор П.Нямдаваа: Одоогоос 10 жилийн өмнө буюу
2009 онд дэлхийг хамарсан томуугийн өвчлөл гарч байсан. Тиймээс дэлхийн улс
орнууд томуугийн эсрэг, томуугийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг
анхаарах, юуг хамтран хийж хэрэгжүүлэх талаараа ийнхүү зөвлөлддөг болсон. Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн
ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон.
Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэв
шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш гурав хүрэхгүй
сарын дотор цар тахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс орныг хамарсан
байдаг.
Гурван өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөс томуугийн өвчлөлөөс хэрхэн
урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын
талаар зөвлөмж гарах юм.