Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа яамны харъяа Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус төвийн дарга С.Баярт хэлэхдээ, "Манай төв нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 226 тушаалаар 52 орон тоотой баталсан ч байрны хүрэлцээ хангамж дутагдалтайгаас 2016 оны байдлаар 39 ажилтантай 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна. Нүд, чих, хамар, хоолой, сэтгэц, ревматологийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн дутагдалтай байна.
Одоогоор ахмад настнуудад амбулаторийн тусламж, үйлчилгээгээр зүрх судас, дүрс оношилгоо, тархины доплерографи, ясны нягтрал тодорхойлох, бие бялдрын цогц үнэлгээ хийх оношилгоо, уламжлалт, сэргээн засах, хөдөлгөөн, хөдөлмөр засал эмчилгээ болон брэнд үйлчилгээ болох олон мэргэжлийн багийн эмчийн үзлэгийг гэрээр очиж үйлчилж байгаа талаар мэдээлэл өглөө.
Геронтологийн үндэсний төв нь 2005 онд Монгол Улсын Засгийн газрын 209 тоот тогтоолоор байгуулагдан 2012 онд Засгийн газрын 231 тоот тогтоолоор үндэсний хэмжээний лавлагаа төв болж үйл ажиллагаа нь өргөжжээ. Тус төв улсын хэмжээнд настан судлалын чиглэлээр судалгаа, настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж бэлтгэдэг баазын үүрэг гүйцэтгэдэг аж.
Ж.Болор