Шилдэг доноруудыг алдаршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ өнөөдөр тохиож буй Цусны донорын Үндэсний өдрийг тохиолдуулан шилдэг доноруудыг алдаршууллаа.
Эл өдрийг цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор тав дахь жилдээ тэмдэглэв.
ЦССҮТ-ийн дарга
Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “ЦССҮТ өнөөдөр шаардлагатай цус, цусан
бүтээгдэхүүний нөөцийг хангаж чадаж байна. Ялангуяа урт удаан хугацаанд
хадгалах боломжтой бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Нэг удаа цусаа
өгөхөд гурван хүний амийг аварна гэдэг. Нэг хүний өгсөн бүхэл цуснаас сийвэнгийн,
улаан эсийн, ялтсан эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ялтсан эсийн бүтээгдэхүүнд нөөц үүсгэж
болдоггүй. Арван жилийн статистик тоогоор авч үзвэл ялтсан эсийн бүтээгдэхүүний
захиалга 45 дахин нэмэгдсэн. Үүний цаана өвчлөлийн бүтэц, хэрэглээний байдал
өөрчлөгдөж байна. Дэлхий нийтэд ч гэсэн хотжилт, глобалчлал гээд шинэ хэрэгцээ
хандлага бий болгож байна. Өнөөдөр 100-150 донороос цус цуглуулж байж
эмнэлгүүдийн ялтсан эсийн бүтээгдэхүүний захиалгыг өгөх боломж бүрддэг. Манай
хамт олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байна. Нэг донороос 6 нэгж
ялтсан эс авах технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр нөөцийн менежмент хийх боломж
бүрдүүлснээрээ давуу талтай” хэмээв.
Энэ үеэр 100-аас дээш цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж
“Мөнгөн донор”-ын болзол хангасан Г.Бямбажав, “Хүрэл донор”-ын болзол хангасан
Ч.Анхбаяр нарт цол тэмдгийг нь гардуулж, үйлс гавьяаг нь алдаршуулав.
Мөн МУЗН-ийн шагналаар 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор
Г.Хишигжаргал, ховор бүлгийн цусны донор П.Баасанжаргал нарыг МУЗН-ийн
“Нигүүлсэл” мөнгөн медалиар, Хүмүүнлэгийн үйлсэд идэвх зүтгэлтэй оролцдог МNВ
телевизийн хөтлөгч Г.Ган-Эрдэнийг “Энэрэл” алтан медалиар тус тус шагнасан бол
МДХ-ны гүйцэтгэх захирал Д.Мандах, тус холбооны идэвхтэн М.Гэрэлчимэг, МУЗН-ын
аргазүйч Ө.Барбаатар нар Цусны албаны Хүндэт тэмдгийн эзэн боллоо.
Түүнчлэн “Бахархал-50” тэмдгээр Хүндэт донор Г.Тайванбаатар, “Бахархал-40”
тэмдгээр Хүндэт донор Ц.Оюундэлгэр, “Бахархал-30” тэмдгээр донор Б.Амаржаргал,
“Бахархал-20” тэмдгээр донор Д.Очирваань, “Бахархал-10” тэмдгээр донор
Э.Хишигдамдин нарыг тус тус шагнаж урамшуулав.
Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд цусны донорын үйлсийг дэмжигч хамтран
ажилладаг “Гурван гал” эмнэлгийн хамт олныг “Донор хамт олон”-оор, “Жем
Интернэшнл” ХХК-ийг “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч” байгууллагаар, МУИС-ийн
дэргэдэх "Клуб-25"-ын идэвхтэн залуусыг “Шилдэг-25”-аар тус тус
өргөмжилж, хүндэтгэл илэрхийллээ.
Өнөөдрийн үйл ажиллагааг тохиолдуулан 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн
доноруудад цус өгөлтийнх нь тоогоор онооны урамшуулал гардуулж, МДХ-ны 25 сайн
дурын идэвхтэнд ЦССҮТ-ийн зүгээс мөнгөн урамшуулал гардуулж, баяр хүргэсэн юм.