ХӨСҮТ: Ухань хотоос ирсэн оюутнуудаас шинэ коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-03 13:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас шинэ төрлийн коронавирус илрээгүй хэмээн өнөөдөр болсон ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ээс танилцууллаа.

Тус төвийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, 1 хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байна. Тэдний шинжилгээний хариу шинэ коронавируст халдвар аваагүй гэж гарсан. Цаашид биеийн байдлыг хянаж, эмчийн үзлэгт тогтмол оруулж, 14 хоног хянаж байгаад гаргана. Мөн тэдний ирсэн онгоцны 15 үйлчилгээний ажилтны биеийн байдлыг хянаж байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д шинэ коронавируст халдвар авсан байж болзошгүй гэсэн 71 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тиймээс Монгол Улсад тус вирусын тохиолдол одоогоор бүртгэгдээгүй” гэв.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 1000 иргэнээс шинэ коронавируст халдварт холбогдолтой судалгаа авсан. Энэхүү судалгаагаар иргэдийн 86 хувь нь шинэ коронавируст халдварын талаарх шинэ мэдээллийг авдаг гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь маш сайн үзүүлэлт юм. Гэхдээ авсан мэдээллээ дадал, хэвшил болгох нь чухал байна. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд 900 маск оёж, ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн. Тус амны хаалтыг ЭМ-ийн сайдын тушаалын дагуу эмнэлэг, зорилтот бүлгийн хүмүүст тараана” гэсэн юм.


Шинэ коронавируст халдварын сэжигтэй тохиолдол 17 900, нас барсан хүний тоо 45-аар нэмэгдсэн. Өчигдрийн байдлаар, шинэ коронавируст халдвар ОХУ-д 2, Шведэд 1, Испанид 1, Англид 1 тохиолдол тус тус илэрчээ.   БНХАУ-аас гадна нас баралтын анхны тохиолдол Флиппинд бүртгэгдсэн байна. Мөн БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан нас барсан тохиолдол Франц улсад бүртгэгджээ.


ХӨСҮТ-ийн тандалт судалгаа, ариутгал халдваргүйтэл, дотоод халдварын тасгаас гаргасан мэдээгээр “Хүн өдөрт ойролцоогоор 150 удаа гар утсандаа хүрдэг. Гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нийтийн бие засах газрын суултуур дээрх нянгаас 18 дахин их байдаг.  Тиймээс утасныхаа дэлгэцийг ариутгаж байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга юм” гэдгийг энэ үеэр анхаарууллаа.

П.Хүслэнтуяа

Связанные новости