Орон нутгийн эмнэлгүүд сүрьеэ өвчнийг эрт оношлох боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-03 17:02:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд “GeneXpert” аппаратыг  Дундговь, Өвөрхангай, Хэнтий  аймгийн нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд нэг жилийн хэрэгцээний оношлуурын хамт хүлээлгэн өглөө.


Энэхүү аппаратыг ашиглан шинжилгээ хийх эмч, лаборантыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сургалтад хамруулсан байна.
GeneXpert аппарат нь сүрьеэ өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой юм. ДЭМБ-аас зөвлөмж болгож буй уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг эрт оношлох, улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд /2 цагийн дотор/ оношилж, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх давуу талтай гэдгийг албаныхан хэллээ.

Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2016-2019 онд ДЭМБ, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгээр 61, орон нутгийн санаачилга, санхүүжилтээр 73 эрүүл мэндийн анхан шатны нийт 134 байгууллагад амжилттай хэрэгжүүлж 112417 иргэнийг хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулжээ. Тус төсөл нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа  эмзэг бүлгийн хүн ам  болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Өмнө нь төслийн хүрээнд Увс, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, оношилгоо, эмчилгээний төв, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд жилийн хэрэгцээний урвалжийн хамт хүлээлгэн өгсөн юм.



Связанные новости