Өвөрхангайд тусгаарласан иргэнээс коронавирусний халдвар илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-09 18:31:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүйг Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ. Одоогоор, манай улсад коронавирусээр өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.


Тухайн иргэн БНХАУ-аас нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсад ирсэн бөгөөд ойрын өдрүүдэд халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй байсан тул эмнэлэгт ханджээ. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв уг иргэнийг тусгаарлан шинжилгээ авч ХӨСҮТ-д хүргүүлсэн бөгөөд хариу нь дөнгөж сая сөрөг буюу коронавирусний халдваргүй гэж гарсан байна. Харин тухайн иргэн А хүрээний H3N2 вирусээр өвчилсөн байжээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдөр 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна. ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт хэрэглэх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Связанные новости