ДЭМБ: Шинэ коронавирусний сэжигтэй тохиолдлын тоо ихсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-10 12:09:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны 10.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусний халдварын 40 542 тохиолдол бүртгэгдэж, 909 хүн нас барж, 3283 хүн эдгэрчээ. Монгол Улсад коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэдгийг ЭМЯ өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг Халиут гэдэг газар шинэ коронавирусний хоёр тохиолдол оношлогдлоо.  Үүнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Мөн Сингапур, Герман зэрэг оронд шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээр хүнд дамжсан тохиолдол гарсан. Түүнчлэн Эрээн хот онцгой байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед иргэд, олон нийт анхааралтай байхыг цаг үеийн нөхцөл байдал шаардаж байна.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Энэ сарын 10-ны 8:00 цагийн байдлаар ДЭМБ-ын мэдээгээр, 25 улсад шинэ коронавирусний 40 550 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн 5 хоногт батлагдсан тохиолдлын тоо тогтворжиж байгаа ч сэжигтэй тохиолдол болон тэдгээрийн хавьтлын тоо  ихсэж байна. Харамсалтай нь нас баралт буурахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ үзүүлэлт 910 болоод байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 6 492 хүнд өвчтөн байна. 7000 хүнд хийсэн судалгаанаас үзэхэд нас ахих тусам нас баралтын хувь ихсэж байна. Хамгийн өндөр хувь нь 80-аас дээш насны бүлэгт байна. Хубэй муж халдварын голомт хэвээр, нийт 25 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас БНХАУ-аас бусад оронд гарч буй тохиолдол бүрийг судалж хянаж байна.

МХЕГ-ын мэргэжилтэн Б.Баясгалан: Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг  хэрэгжүүлж, хэрэгжилтийг хянаж байна. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулахад тогтмол анхаарч байгаа. Өнгөрсөн долоо хоногт нийт 1 566 аж ахуйн нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлийн 80 гаруй байгууллагад хяналт шалгалт хийлээ. Дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр хөрсний бохирдолд хяналт шинжилгээ хийдэг. Нийт сорьцын 50 гаруй хувь нь нянгийн бохирдлоос их болон дунд ангилалд ордог. Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай байна. Мөн 40 гаруй хувь нь бохирын цооноггүй байна. Энэ нь хөрсний бохирдлыг үүсгэх гол шалтгаан болж байна.

ЭМЯ-ны Санхүү эдийн зсгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа: ЭМЯ-наас Засгийн газрын нөөц 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслийн гэрээг хийж, энэ долоо хоногт бүрэн нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн АХБ-ны хөрөнгөөр нийлүүлэх 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг энэ сарын 25-нд бүрэн нийлүүлж дуусна. Мөн гадаадын зээл тусламж, олон улсын байгууллагуудаас нэг удаагийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлсээр байна. Маргааш  гэхэд ДЭМБ-ын нийлүүлж буй 500 оношлуур ирнэ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Амралтын өдрүүдэд 3 тохиолдлыг тусгаарлан хянасан. Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 8-нд тусгаарласан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн. Бямба гарагт тусгаарласан Сөүлээс ирсэн болон Хөххотоос нэгдүгээр сарын 29-нд ирсэн иргэнээс тус тус коронавирусний халдвар илрээгүй. Гэхдээ дэлхий нийтэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагууд, иргэд тайвширч болохгүй. Улам хариуцлагатай, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал.


Шинэ төрлийн корнавирусний халдвар өндөр эрсдэлтэй байдалд байна. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагахыг энэ үеэр ЭМЯ-наас анхаарууллаа.  



Связанные новости