ЭМЯ: Шинэ коронавирусний халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-11 12:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хязгаарлалт тогтоосноос хойш 14 хоногийн хугацаанд БНХАУ-ын 442 иргэн орж ирсэн. Эдгээр иргэний дунд дипломат ажилтнууд, хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэд байсан хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХХЕГ-аас онцоллоо.

ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, " БНХАУ-аас Монгол Улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу хүндэтгэх шалтгаантай БНХАУ-ын иргэнийг хилээр нэвтрүүлж байгаа. Мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг хилээр нэвтрүүлж байна. Түүнчлэн Авто замын боомтоор нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Бусад эрдэс баялаг, зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Зорчигч тээврийн зарим хөдөлгөөн, Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжин өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэн, эмнэлгийн зайлшгүй шалтгаанаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэв.


Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтэрсний 625 нь Монгол Улсын иргэн байна. Дурдсан хугацаанд БНХАУ руу 388 иргэн зорчсоноос дийлэнх буюу 342 нь эрдэс баялгийн тээврийн жолооч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын хүрээнд нэгдүгээр сарын 28-наас хойш 12 151 иргэн Монгол Улсад зорчин ирсний 11 354 Монгол Улсын иргэн. Харин 5 902 иргэн БНХАУ руу зорчсоны 4 785 нь Монгол Улсын иргэн байгаа аж.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл,  “Шинэ коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гаргаж байгаа. Тухайлбал, шинэ коронавирусний халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан. Өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй халдвар тараах магадлалтай гэж үзсэн. Мөн амны хаалтын хомсдол үүсэж байна. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна. Амны хаалт бол халдварт өвчнөөс хамгаалах найдвартай арга юм. Гадны улсад ажиллаж, суралцаж буй иргэд олон тооны амны хаалтыг хандивлаж байна. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтан, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан настнуудад тарааж байна.  Түүнчлэн энэ долоо хоногт 3000 оношлуур Монгол Улсад тусламжаар ирнэ” гэв.

Шинэ коронавирусний халдварын тархалтын байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлт өндөр байна. Нас баралтын түвшин 2.2 хэвээр байна. Шинжилгээгээр тогтоосноос гадна сэжигтэй тохиолдол хэдэн мянга бий. Энэ бол хэдхэн хоногт буурах төлөвтэй халдвар биш. Өмнөх туршлагуудаас харахад вирусний тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусний эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, эмнэлзүйн эмчилгээг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэж Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ. 

П.Хүслэнтуяа 



Связанные новости