Дархан аварга Г.Өсөхбаяр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-29 11:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГТ, Далай даян, дархан аварга Г.Өсөхбаяр 5000 ширхэг амны хаалт ЭМЯ-нд өчигдөр өгчээ.  

Тэрээр мөн ил захидал бичсэнээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулан өгөв. Уг захидалд, “Аюулт өвчин гараад нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөдөр дэлхийн 50 гаруй улсад аюулын харанга дэлдэж буй энэ үед манай Засгийн газар, УИХ, ялангуяа эрүүл мэндийн салбар бүхлээрээ монголчууд бидний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж байна. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байж, мөн өөрийн боломж бүхнээр аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд оролцох ёстой гэж би бодож байна. Тиймээс гэр бүлийнхээ өмнөөс монголчууддаа эрүүл энхийг хүсэж, 5000 ширхэг амны хаалтыг хэрэгцээтэй газар нь хүргэж өгөөрэй гэж нэмэр болж байна. Монголчууд бид бие биенээ хайрлах, хууль цаазаа чанд сахин эх орон ард түмнээ хайрлах ухамсарт ард түмэн гэдэгт би итгэдэг. Энэ дашрамд төрийн бүх албаныханд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, Онцгой байдлынхан, цэрэг армийнхандаа бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаад иргэний хүнийхээ хувьд талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээжээ.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл амны хаалт нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа яаралтай хүргүүлнэ гэдгээ хэлсэн юм.


Связанные новости