ДЭМБ-аас коронавирусний халдварыг цар тахал гэж зарлаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаа ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой гэдгийг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэргэжилтнүүд онцлов.
ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга
С.Нарангэрэл, “ЭМЯ-наас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион
байгуулж байгаа. Үүнд манай улсын төрийн
ба төрийн бус байгууллагууд, ард иргэд идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар манай улсад халдварт өвчний
тохиолдол буурч байна. Тухайлбал, сүрьеэ өвчин 69 тохиолдлоор, гэдэсний халдварт өвчин 1,9 хувиар, эмнэлгийн орны ачаалал 2 хувиар тус тус буурсан.
Иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угаан, айл хэсэхгүй, ил задгай
шүлсээ хаяхгүй, хувийн ариун цэврийг сахивал халдварт өвчинтэй тэмцэхэд асар их
нөлөө үзүүлж байгааг урьдчилан сэргийлэлт харуулж байна” гэв.
Монгол дахь ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,
“БНХАУ
коронавирусний халдварын дэгдэлтийг хязгаарлаж байна. Доод тал нь 5 хүний
бүрэлдэхүүнтэй 1800 баг ажиллаж “Big
data” хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн шинжлэх ухааны дэвшлийг
ашиглан 10 000 гаруй хавьтлын судалгааг
хийж, эрсдэлтэй бүлгийн хүн амаа хамгаалахад эв нэгдэлтэй байж чадсан байна. ДЭМБ-аас коронавирусний халдварыг цар тахал гэж зарлаагүй. БНСУ, Итали
улс анхаарал татаж байгаа. Нийт 38 улсад 10-аас доош тохиолдол илэрсэн. Дэлхийн
130 улсад халдвар илрээгүй. Энэ нь коронавирусний халдвар хурдан тархаж байгаа
ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой гэдгийг харуулж байна.
Хөдөлгөөний хязгаарлалт хийх, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авах, халдвар тархсан нөхцөлд хүн амын дунд бэлтгэлээ хангах нь чухал” гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 1-нд нийт таван тохиолдол тусгаарлагдаж, шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн энэ сарын 2-ны өдөр гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарласан байна. ХӨСҮТ-өөс нийт 100 хүнийг эмчийн хяналтад авсан” гэв.
Б.Содгэрэл