Коронавируст халдвар дэлхийн 79 оронд бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдварын тохиолдол БНСУ, Итали, Испани зэрэг улсад эрчимтэй тархаж дэлхийн 79 оронд бүртгэгдээд байна. Өнөөдөр Унгар, Польш, Словени зэрэг оронд анхны тохиолдол бүртгэгдлээ хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов.
Тэрбээр хэлэхдээ, “ЭМЯ-наас халдвар бүртгэгдсэн улсад
зорчихгүй байх тухай мэдээлэл өгч байгаа. Зорчоод ирсэн тохиолдолд гэртээ 14
хоног өөрийгөө тусгаарлаж гадагшаа гарахгүй байхыг зөвлөсөөр байна. Гэтэл зарим
иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлалгүй гадагшаа зорчиж ирээд ажилдаа очих, худал
мэдээлэл өгөх зэрэг зөрчил гаргасаар байна. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагааны улмаас
“COVID-19” халдвар авсан иргэний тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар халдвар
авсан хүний тоо 95 424 болсон бол нас барсан хүний тоо 3 282 болсон байна” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “ХӨСҮТ-д энэ сарын 3-нд тусгаарлагдсан 4 иргэнээс “COVID-19” халдвар илрээгүй. Өчигдөр
нэг иргэнийг тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна. Мөн нэмж 14 хүнийг
ажиглалтад авсан. Түүнчлэн уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
буй насанд хүрэгчдээс түүврийн аргаар 60 хүнийг сонгон авч шинжилгээ хийхэд “COVID-19” халдвар илрээгүй. Энэ бол баталгаажуулах тандалт судалгаа юм” гэв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, “Бага Баянд өчигдөр тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат “Б” гэх иргэн хамт хөл хорионд буй хүмүүсээ турхирч, “эндээс гарцгаая” хэмээн жагсаал хийхийг оролдсон байна. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хөл хорионд байгаа иргэн тээшиндээ архи согтууруулах ундаа авчран бусдад өгч, асуудал үүсгэжээ. Эдгээр иргэдийг тусгаарлалтаас гарсны дараа холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдлээ.