ГХЯ: Гадаад улсаас ирсэн иргэнийг 14 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-09 14:10:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ, Япон, Солонгос, Итали, Иран улсаас ирэх гадаад иргэнийг хүлээн авахгүй. Харин тус улсаас Монгол Улсын иргэн ирсэн тохиолдолд 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдана хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр хэллээ. 

Тэрбээр, “Япон, Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгос дахь Монгол Улсын ЭСЯ-нд 120 гаруй иргэн буцах хүсэлт гаргажээ. БНХАУ, Япон, Солонгос, Итали, Иран улсаас ирэх гадаад иргэнийг хүлээн авахгүй. Харин Монгол Улсын иргэн 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журмыг мөрдөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад орноос ирсэн иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй байх зэргээр хүндрэл учруулсан. Япон, Солонгос улсаас ирэх иргэд Москвагаар дамжин эх орондоо ирэх боломжтой” гэв.


Мөн тэрбээр “БНСУ-д ажиллаж сурдаг иргэдийн хувьд визний хугацаа хэтэрсэн асуудал бий. Энэ чиглэлээр бид ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Солонгос улсаас оюутнуудын визийг сунгах боломжтой гээд хоёр тал тохирчихсон. Нэгдүгээрт, тус улсад сурахаар болоод, визээ авсан ч явж амжаагүй оюутнууд байгаа. Эдгээр оюутан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд хандах боломжтой. Хоёрдугаарт, амралтаараа ирчихээд буцаж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд, сургуулиараа дамжуулан цагаачдын албанд хандаж визээ сунгуулах боломж нээлттэй. Тиймээс оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйлгүй.  Гэрээт ажилчдын хувьд ч гэсэн визийг нь сунгах боломжтой. Хамгийн хүндрэлтэй нь 90 хүртэлх хоногийн визтэй очсон иргэдийн асуудлаар бид Солонгосын талтай хэлэлцээр хийж байна” хэмээв. 

П.Хүслэнтуяа

Связанные новости