Д.Нямхүү: Дорноговийн кэмпээс шинжилгээний сорьц нэмж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-13 12:12:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “COVID-19”-ийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Өвчтөний ойрын хавьтал 58 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ бол маш чухал мэдээ юм. Үүнд франц иргэнтэй ойр байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа. Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж шинжилгээний сорьц ирнэ. Тэнд тусгаарлагдсан хүмүүсээс хэдэн хоногийн дараа шинжилгээ авахаар зөвлөлдсөн. Үүний хариуг мөн чухал гэж үзэж байна. Энэ сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдөр нэг сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан, тандалт судалгаа хийж байна. Энэ сарын 11-нд Сэлэнгэ аймагт 16, Увс аймагт 3, нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг байнга хянана. Энэ бол маш чухал үзүүлэлт юм. Мөн гэрээрээ байгаа хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Шинжилгээний тест хангалттай байгаа, нэмж захиалсан. Мөн 20 минутын дотор оношилдог түргэн оношлуур ирсэн.

Франц иргэний биеийн байдал тогтвортой, сэтгэл санаа тайван байна. Францын ЭСЯ-аараа дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон. Монгол эмч нартаа итгэж, эндээ эмчлүүлэх шийдвэр гаргасан. Бидний эмчилгээ үйлчилгээнд итгэж найдаж байгаагаа хэлж байгаагаараа эмч нарт маань урам өгч байна. Гол үзүүлэлтийг нь байнга хянаж байгаа. Бидний эмчилгээ зөв явж байгааг өвчтөн мэдэрч байгаа. Тиймээс эмч, өвчтөний хамтын ажлаар үр дүн нь гарна” гэв.


Связанные новости