Хандивын мөнгөнөөс уушги орлуулах төхөөрөмж худалдан авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн, аж ахуйн нэгжүүдээс Улсын онцгой комисс (УОК)-т хандивласан мөнгөнөөс уушги орлуулах буюу цусны эргэлтийг дэмжих "EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION" (ECMO) төхөөрөмж худалдан авах болжээ.
ДЭМБ-аас вирусний халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнийг эмчлэхэд ECMO төхөөрөмж хэрэглэхийг зөвлөж буй юм. Дэлхий нийтэд "COVID-19" халдвар тархаж буй энэ үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах үүднээс 350 сая төгрөгийн үнэтэй ECMO төхөөрөмжийг авах шаардлага үүсээд байгаа аж. Уг төхөөрөмжийг хэрэглэхдээ нэг хүнд 37 сая төгрөгийн дагалдах хэрэгсэл ашигладаг байна. Тиймээс ЭМЯ-наас дээрх төхөөрөмжийг 10 хүнд эмчилгээ хийх дагалдах хэрэгслийн хамт нийт 720 сая төгрөгөөр авах саналыг УОК-т ирүүлснийг комисс хандиваар цугласан мөнгөнөөс гаргахаар шийджээ.
Дээрх төхөөрөмжийг Герман, Япон, Итали улсад үйлдвэрлэдэг аж.