БНСУ-д очсон иргэд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ”COVID-19” халдвар хойд Маринагийн аралд гарснаар дэлхийн 202 улсад тус өвчний тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн хэмжээнд 713 021 хүн коронавируст халдвараар өвдөж, 33 557 хүн нас барсан бол 146 629 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
АНУ-д 140 мянга гаруй хүн халдвар авч, 2 400 гаруй нас
баржээ. Тус улсад “COVID-19” халдвар ирэх долоо
хоногт оргил үедээ хүрнэ гэж судлаачид таамаглаж байна. АНУ-аас тогтоосон хязгаарлалтыг үргэлжлүүлэн 4 дүгээр сарын 30-ныг
хүртэл сунгахаар болжээ.
Италид өчигдөр 756 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улс ирэх
сарын 4-нд дуусах байсан хөл хориог сунгаж энэ оны 6
дугаар сард цуцлах болсныг Ерөнхий сайд нь мэдэгджээ.
Испанид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт
бүртгэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн их үзүүлэлт болов. Түүнчлэн Францад 2600
орчим тохиолдол, 292 нас баралт бүртгэгдсэн байна.
ХБНГУ-д нэг өдрийн дотор халдвар авсан хүний тоо 4000-аар
нэмэгджээ. Франц улсаас эрчимт эмчилгээ шаардлагатай байгаа 50 орчим өвчтөнийг
ХБНГУ-д хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Өнгөрсөн хоногт БНСУ-д шинээр 78 тохиолдол
илрүүлснээс 13 нь гаднаас зөөвөрлөгдсөн, 31 нь Сөүл хот орчмын
бүсээс, 14 нь Дэгү хотод бүртгэгджээ. Түүнчлэн тус улс лхагва
гарагаас гаднаас ирэх бүх зорчигчийг 14 хоног заавал тусгаарлах шийдвэр гаргалаа. Ингэхдээ тус улсын байнгын оршин суугч биш бол өөрөө зардлаа
гаргаж, 14 хоног тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэжээ.
ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл зөв
хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх, архи, тамхи, чихэрлэг ундаанаас татгалзах,
идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч
гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.