Дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-07 11:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч байна хэмээн өнөөдөр ХӨСҮТ-ээс мэдээллээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “COVID-19”-ийн 15 тохиолдлын дөрөв нь эдгэрч байна. 

Эдгэрсэн хоёр хүнд таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу сөрөг гарчээ. Тиймээс цаашид сувиллын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж шинжилгээ авч хянах юм.

Мөн халдвар авсан франц иргэний биеийн байдал сайн байгаа аж. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудыг урамшуулахад зориулан ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлажээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө, “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, коронавирус шинжлэх лабораторийн хүчин чадлыг нэмэх үүрэг өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ-д лабораторийн нэг шугам нээгдлээ. Лабораторийн хүчин чадлыг ийнхүү нэмэгдүүлснээр хяналт сайжирна гэсэн үг” гэлээ.

Ташрамд дурдахад, "COVID-19"-ээр халдварласан өмнөх хоёр хүн 2020 оны гуравдугаар сарын 30-нд эдгэрч эмнэлгээс гарсан юм.

Связанные новости