ЭМЯ: Эрүүл мэндийн салбарт тасарсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-28 13:15:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.


Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Өчигдөр орой Замын-Үүдийн хилийн боомтоор БНХАУ-ын Хөххотод эмчлүүлсэн, биеийн байдал нь хүнд байсан иргэнээ хүлээж авсан. Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан ажиглаж байна. Вируслогийн шинжилгээг нь ХӨСҮТ рүү илгээж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ-ийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч байна. 


Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд ДЭМБ-аас өгч буй "Илрүүл, оношил, тусгаарла, эмчил" гэсэн  зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа. Тусгай онгоцоор хүлээж авах нислэгийн багт ажиллах эмчийг томилсон. Мөн эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангаж, тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ томилж, дадлагажуулсан.


Дадлага сургуулилтыг урьдчилсан байдлаар тавдугаар сарын эхний долоо хоногт хийх төлөвлөгөөтэй байна. Хээрийн эмнэлэг ажиллуулах бэлтгэлийг хангасан. Нийт 30-50 орчим хүнийг тусгаарлан эмчилгээ тусламж үзүүлэх боломжтой гэж тооцоолсон.


Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хувьд 2019 оны эцсийн байдлаар нийт 54 687 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Үүнээс, сувилагч 12 773, эмч 11 788 байна. Эрүүл мэндийн салбарт 92.5 нь, бусад салбарт үлдсэн 7.5 хувь нь  ажиллаж байна. Хэрэв цар тахал хүн амын дунд тархсан тохиолдолд ажиллах бүх томилгоог хийсэн бөгөөд үүнтэй холбоотой дадлагажуулах сургалт, үнэлгээ хийж байгаа. 


Одоогоор эрүүл мэндийн салбарт тасарсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй.  Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг урьдчилсан байдлаар УОК, МИАТ зэрэг холбогдох байгууллагад хүсэлт тавьж, тусгай онгоцоор татаж байгаагаа танилцуулсан юм.  

Связанные новости