Яармагт ажиллуулж буй дадлага сургуулийн эмнэлэгтэй танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургууль энэ сарын 6-8-нд болно. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Яармагт нээж буй дадлага сургуулилтын эмнэлгийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа.
Нийслэлийн Эх, хүүхдийн
нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой эмнэлгийг халдварт цар тахлын үед
ажиллахад зориулан бүрэн тохижуулжээ. Ингэхдээ эмнэлгийг халдвар хамгааллаас шалтгаалан
шар, ногоон, улаан бүсэд хувааж, өвчтөнд шаардлагатай
тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслийг бэлтгэжээ. Мөн яаралтай тусламж, халдваргүйтгэх хэсэг, шарил түр хадгалах, хог хаягдал, нөөц,
эмнэлгийн ажилчдын хувцас солих, амрах, хоолны өрөө гээд бүгдийг зориулалтын
дагуу тохижуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч С.Амарсайхан, “Коронавирусний дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх
100 ортой эмнэлгийг урьдчилсан байдлаар ашиглалтад авахад бэлэн болжээ. Нийслэлийн
Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар бүгдийг зохион байгууллаа. Цаашдаа энэхүү 300 ортой
нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг зориулалтын дагуу ажиллана. Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага
сургуулилттай холбоотой 300 ор дэлгэж байна. Үзүүлэх дадлага сургуулилтаар бид болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц боломжоо
гаргана. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн
хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн
байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилтыг хийж байгаа юм” хэмээв.
Нийслэлийн Эрүүл мэндийн
газрын дарга Л.Төмөрбаатар “Яармаг-300 эмнэлэг эмнэлзүйн болон лабораторийн
шинжилгээгээр онош нь батлагдсан хүмүүсийг хүлээж авна. Эрчимт эмчилгээ
шаардлагатай хүндэвтрээс дээш зэргийн оношлогдсон хүмүүсийг Яармаг-100 эмнэлэгт
хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 300 ортой эмнэлэгт нийт 145 эмч,
эмнэлгийн мэргэжилтнийг томилон ажиллуулж байна. Эмч, сувилагч, лаборант гээд мэргэжлийн
хүмүүс ажиллана. Мөн Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар
гэх мэт мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэнэ. Гурван ээлжийн зохион байгуулалтаар НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн
төвүүдээс эмнэлгийн ажилчдыг ажиллуулж байна” гэв.
Дараа нь Буянт-Ухаа спортын
ордонд дэлгэж буй “Яармаг-300” эмнэлгийн бэлтгэл ажлыг шалгалаа. “Өвчтөнийг
хүлээн аваад эрэмбэлэн ангилж, хэвтэн эмчлүүлэх А, В, С бүсэд хувааж
эмчилгээ, оношилгоо үзүүлж ажиллана. А бүсэд өндөр эрсдэлтэй өвчтөн байх бөгөөд
эрчимт эмчилгээ үзүүлнэ. В бүсэд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, С бүсэд насанд
хүрэгчид, эрэгтэй өвчтөнийг тусгаарлах зориулалттай эмнэлэг ажиллахад бэлэн болсон” гэж Баянзүрх нэгдсэн эмнэлгийн
ерөнхий эмч Ө.Агиймаа танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч С.Амарсайхан, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай ажиллаж буй эмнэлгийн
эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр цаашид цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд буурах
хүртэл хамтдаа илүү хичээж, халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлнэ гэдгийг онцлов.