Батлагдсан тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн өвджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны гуравдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд коронавирусээр халдварласан 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ хугацаанд тусгай үүргийн 10 онгоц болон бусад хилийн боомтоор орж ирсэн 4 700 гаруй хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан байна. Давхардсан тоогоор нийт 11 200 хүнд лабораторийн шинжилгээ хийгээд байгааг өнөөдөр ЭМЯ мэдээллээ.
Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аар орж
ирсэн бол, бусад нь 10 гаруй улс орноос транзит болон шууд
нислэгээр ирсэн байна.
"COVID 19"-өөр өвдсөн тохиолдын 13 нь эдгэрч эмнэлгээс гарсны дөрөв нь гадаадын иргэн бөгөөд тэдний хоёр нь маш хүнд гэсэн клиникийн явцтай байжээ. Өвчтөнүүдийн 10 орчим хувь нь уушгины хатгалгаагаар хүндэрчээ. Зүрх судас, бөөр, архаг хууч өвчтэй хүмүүс коронавируст халдварт өртсөн байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс энэ өвчнөөр өвчилж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Эмнэлзүйн илэрч буй гол шинж тэмдэг хоолой өвдөх, дотор муухайрах, халуурах, бөөлжих, хатгалгаа болох гэсэн шинж тэмдэг өөрчлөгдөөгүй байна.
“Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжиж салбар хоорондын 170 гаруй хүн ажиллаж байна. Манай тусгай 50 ортой тасагт батлагдсан тохиолдлыг эмчилдэг. Энэ тасагт одоогоор 4 багийн эмч нар ажилласан. Тэд батлагдсан тохиолдолтой 14 хоног ажиллана, гараад ажиглалтад 14 хоног тусгаарлагдана. Энэ багийн хүмүүс 28 хоног гэртээ очихгүй ажиллаж байна. Түүний зэрэгцээ хавьтал, ойрын хавьтал, сэжигтэй тохиолдолд 4 баг ажилласан. Мөн Шуурхай арга хэмжээний баг ээлжээр ажиллаж байна. Хоёр лаборатроийн 20-иод хүн гээд нийт 140 орчим хүн хоёр сарын хугацаанд цаг наргүй ажиллаж байна. Бид хамтарч байж энэ коронавирустэй тэмцэх болно. Тиймээс иргэн бүр коронавируст халдваас сэргийлэхийн тулд эмч мэргэжилтнүүдийн өгч буй гараа угаах, амны хаалт зүүх, гадуур явахгүй байх зэрэг зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хүсэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр сануулсан юм.