Цар тахлын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний дадлага хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас удирдан “Яармаг-100”, “Яармаг-300” эмнэлэгт өнөөдөр дадлага сургуулилт хийлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулсан тус дадлага сургуулилтад НЭМГ-ын
харьяа 29 эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, нийт 400 гаруй эмч, эмнэлгийн
мэргэжилтэн оролцов.
Энэ үеэр “Ковид-19” халдварт
цар тахлын үед үзүүлэх тусламж үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөлт, авч
хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эмч ажиллагсдын хуваарилалт,
эмнэлгийн бэлэн байдлыг бодит жишээ /халдвар авсан жирэмсэн эх, хүнд өвчтөн/-нд
тулгуурлан үзүүлснээрээ онцлогтой.
Сургуулилтын хүрээнд Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд нээсэн
“Яармаг-300” эмнэлэг нь “Ковид-19” халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300
иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг
нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт
хийсэн байна. Тус эмнэлэгт нэг ээлжинд 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн
мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Халдварт цар тахлын үед А,
B, C зэрэг гурван бүсэд өвчтөнийг эрэмбэлэн ангилж /өндөр эрсдэлтэй болон ахмад
настан, мөн хүүхэд-жирэмсэн эх, насанд хүрэгчид/ тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
“Яармаг-100” эмнэлгийг 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг
хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион
байгуулжээ. Шаардлагатай тохиолдолд
1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар, 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах
зориулалтаар иж бүрэн тоногложээ. Нэг ээлжинд 90 хүн, нийт гурван
ээлжээр 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах зохицуулалтын хүрээнд дадлага
сургуулилт хийлээ.
Түүнчлэн үзлэг оношилгооны өрөө, эмчилгээний тасгуудаас гадна эм, эмнэлгийн
хэрэгсэл, хүнсний нөөц, эмч ажиллагсдын хувцас өмсөх, солих болон амрах өрөө,
ариутгал халдваргүйтгэл, лаборатори зэрэг шаардлагатай бүхий л зохион
байгуулалтыг хийсэн байна.
Халдварын үеийн нөхцөл байдалд өвчтөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитоор нь үзүүлэх тус сургуулилтаар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэрхэн өөрийгөө сэргийлэх арга барил, дадлагыг давхар эзэмшиж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн НЭМГ-аас мэдээлэв.