Т.Мөнхсайхан: Эмнэлзүйн ховор тохиолдлыг эрт илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-12 17:52:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс санаачлан "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний анхдугаар чуулган"-ыг цахимаар улсын хэмжээнд өнөөдөр зохион байгууллаа.


Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой тус чуулганд 21 аймаг, есөн дүүргийн эмч нар оролцов.


Чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Хэдийгээр дэлхий дахинд шинэ коронавирусний халдвар тархаж нөхцөл байдал амаргүй байгаа ч  эрүүл  мэндийн салбарын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Тиймээс коронавирусний халдварын тархалттай холбоотой сургалтыг тасралтгүй явуулж байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмч, мэргэжилтнүүд санаачилгатай ажилласаар байна. Анагаахын шинжлэх ухааны  чиглэлийн 16 сургуулийн 3000 гаруй оюутан төгсөж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтний тоо 520 мянга байсан бол одоогийн байдлаар 54687 боллоо. Үүнээс 11 778 нь эмч нар юм. Ийм чухал үед энэхүү чуулган зохион байгуулснаар эрдэмтэн, доктор, эмч мэргэжилтнүүд хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага солилцож, мэдээлэл, мэдлэгт ойр байх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн ховор тохиолдлууд гарахад улсынхаа өнцөг булан бүрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд нэгдсэн мэдээлэл, мэдлэгтэй болж байгаа нь сайшаалтай” хэмээв


УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Энэхүү чуулган Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах чухал ач холбогдолтой.  Мөн эмнэлзүйн ховор тохиолддог өвчлөлийг эрт илрүүлж, оношлох боломжийг бүрдүүлж байна ”хэмээн тодотгов



УНТЭ-ийн ерөнхий мэс заслын зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн, “Эмнэл зүйн ховор тохиолдол гэдэг нь дэлхийн хүн ам тутмын 0.1 ба үүнээс бага хувьд тохиолддог. Энэ нь тухайн улсын онцлог, таагүй уур амьсгал, газар нутгийн болон хоол, хүнстэй холбоотой янз бүрийн онцлог шинж тэмдгээр илэрдэг. Ховор тохиолдлыг бусад өвчний ангиллаас тусад нь ангилан оруулдаг. Бүхий л чиглэлээр ховор тохиолддог 10 эмгэгийг өнөөдөр бид шүүж байна. Уг эмгэгийг оношлоход манай улсын хүчин чадал, орчин үеийн оношилгооны арга техникийг хэрхэн ашиглах, зөв оношилж чадах эсэх, оношлоход хэр хугацаа алдаж байгаа талаар мөн ховор өвчнийг оношлоод, эмчлэхэд үр дүн хэр байгаа талаар шүүн судалж байна. Ховор тохиолдлыг зөв оношилж, зөв эмчилж чадвал тухайн хүнийхээ амийг аврах боломжтой учраас энэхүү хурал чухал ач холбогдолтой. Хүн бүрийн мэддэггүй, тэгсэн хэрнээ тохиолдоод байдаг эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр бид гол анхаарлаа хандуулж байна” гэв


Тус хуралд 56 ховор тохиолдлын илтгэл ирүүлснээс шилдгээр шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Шилдэг илтгэлүүдээр эмнэлзүйн ховор тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нарыг мэдээллээр хангах аж. 


Связанные новости