Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөрүүлжсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнээс хойш Цэргийн төв эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авсан байна.
Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлэг нь коронавирусний эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж байна. Энэ гуравдугаар сарын 15-наас эмнэлгээ бүрэн чөлөөлж, өвчтөнүүдээ бусад эмнэлэг рүү шилжүүлсэн.
Манай эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авлаа. Үүний дотор жирэмсэн болон гадаадад эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон 250 гаруй иргэн байсан. Тусгаарласан иргэдэд эмнэлгийн 256 эмч, эмнэлгийн ажилтан ээлжээр үйлчилж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй” хэмээв.
Түүнчлэн тус эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудаа коронавирусний үед хэрхэн ажиллах талаар
сургалтад хамруулснаас гадна эмнэлгийн барилгынх бүтцэд өөрчлөлт
оруулжээ. Цэргийн төв эмнэлэг халдвартын бус ердийн зориулалттай тул агаарын
урсгалыг хаахаас эхлээд барилгын хийцээ сайжруулсан байна.