Б.Амгаланбаатар: ЗӨСҮТ 1575 иргэнд коронавирусний шинжилгээ хийсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 1575 иргэнд коронавирусний шинжилгээ хийсэн байна.
Энэ талаар тус төвийн дэд захирал Б.Амгаланбаяр ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Манай төвийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Ялангуяа, Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь ОХУ болон Европын орнуудаас ирж буй бүх ачаа тээшийг ариутгаж байна. Мөн зөвлөгөө, мэдээлэл өгөх 7028-4393 дугаартай утсыг 24 цаг ажиллуулж байгаа. ХӨСҮТ-ийн ачааллыг хуваалцаж, 1575 иргэнд коронавирусний шинжилгээ хийсэн. Харин өнгөрсөн 24 цагт 137 хүнд шинжилгээ хийлээ” гэв.
Тус төв коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс, тусгаарлан ажиглах байрны 271 өрөө, тусгай нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн 11 мянга 631 гар тээш, хувийн эд зүйлс, 296 мянга 30 кг ачаа тээшийг ариутгажээ. Мөн давхардсан тоогоор 104 агаарын хөлөг, 320 тээврийн хэрэгсэл, 13 чингэлэг, 31 галт тэрэг зэрэг 500 мянган ам дөрвөлжин метр талбайг ариутгажээ.