Ачаа тээврийн жолооч нараас коронавирусний халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-19 11:53:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 339 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурваас нь коронавирус илэрчээ. 


"Тэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд 32-59 настай ОХУ,  Беларусь, Монгол Улсын иргэд байна. Тэднийг ХӨСҮТ-д авчирч эмчилнэ" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.


Харин  "COVID-19”-өөр өвчилсөн 5 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан юм.


Манай улсад  “COVID-19”-ийн нийт 204 тохиолдол бүртгэгдсэнээс 132 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 72 хүний  67 нь  хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.


Харин 336 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр ирсэн 266 иргэнээс авсан шинжилгээнд халдвар илрээгүй байна. Мөн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Завхан, Увс аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 13 сорьцод халдвар илрээгүй байна.

Связанные новости