Дүүргийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд эмчилгээний шинэ технологид суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийг анагаах эмчилгээний шинэ технологт сургаж байна.
Энэ дагуу УГТЭ-ийн Харвалт, Зүрхний шигдээс, Сэргээн засах эмчилгээ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 110 хүнийг хуваарилжээ. Одоогийн байдлаар, дүүргийн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэдрэл, Зүрх судас, Сэргээн засах эмчилгээний эмч болон Дотор, Мэдрэл, Эрчимт эмчилгээний сувилагч, хөдөлгөөн засалч зэрэг нийт 45 хүн тус эмнэлэгт ажлын байрны 14 хоногийн дагалдан сургалтад хамрагдаж байгаа юм.
Сургалтаар УГТЭ-ийн Харвалт, шигдээсийн төвд үзүүлж буй орчин үеийн эмчилгээний шинэ технологийн гардан үйлдлийг дүүргийн эмч, мэргэжилтнүүд бүрэн эзэмшиж, мэдлэг ур чадвараа ахиулж байна. Түүнчлэн НЭМГ-аас эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулахын зэрэгцээ дүүргийн эмнэлгүүдэд тархины харвалт, шигдээсийн нэгжийг байгуулж эхэлжээ.