Коронавирусээр халдварласан долоон тохиолдол нэмж бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-22 11:41:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад коронавирусний халдварын долоон тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжжээ.


Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, улсын хэмжээнд өчигдөр 359 сорьцод шинжилгээ хийхэд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвартай иргэд нь 6-63 насны, зургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүн юм байна. 


Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдгээр иргэд нь 17-49 хоног эмчлүүлжээ.


Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 213 бүртгэгдсэнээс 153 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 60 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 53 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүнийх хүндэвтэр байна.


Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 265 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээ, Нийслэлийн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс цуглуулсан 4 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Дархан-уул аймагт тусгаарлагдсан гурав, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ. 

Связанные новости