Улсын нэгдүгээр төв эмнэлэг Эрүүл мэндийг дэмжих төвтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-22 13:11:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн олон улсын стандартад нийцсэн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв” /ЭМДТ/-ийг өнөөдөр нээлээ. 


Тус төв нь амбулаторийн тусгай үйлчилгээ рүү чиглэсэн 20 орчим төрлийн шинжилгээ, оношилгоог үзүүлэх юм. 


Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “ЭМДС-гаас санхүүжүүлэн, ард иргэдийн дунд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил явуулах шийдвэрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гаргасан. Үүнийг ажил хэрэг болгоход УНТЭ маш их үүрэгтэй  ажиллаж, нөхцөл бололцоог иж бүрнээр нь бүрдүүлжээ. Энэхүү төвд шинэ, сүүлийн үеийн, үзүүлэлт сайтай тоног төхөөрөмж суурилуулсан  учир иргэд гадны улс орныг зорилгүй, эх орондоо шинжилгээ оношилгоо хийлгэх боломж бүрдэж байна” хэмээв.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, “Дэлхий нийтийн чиг хандлага аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг бага наснаас олгоход чиглэж байна. Бид ч аливаа өвчлөлийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгодоо нэг алхам ойртлоо. Энэхүү төвөөр амбулаторийн тусгай үйлчилгээ авах хүсэлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой. Зөвхөн манай эмнэлэг оношилж, эмчлэх боломжтой тусламж үйлчилгээг 10 гаруй мэргэжлийн эмч олон улсын жишигт нийцсэн орчинд үзүүлнэ. Амбулаторийн үзлэгт өвдсөн иргэд ханддаг бол ЭМДТ-д урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэх юм” хэмээн тодотгов.

Уг төвийн бүтэц зохион байгуулалтын талаар УНТЭ-ийн ЭМДТ-ийн дарга Э.Баясгалан, “Тус төвд УНТЭ-ийн эмч, ажилтнууд бүрэн оролцоотой тойрох журмаар ажиллана. Үзлэг шинжилгээ хийх үндсэн дөрвөн чиглэлийн багц бий. Үйлчлүүлэгч өөрт тохирсон багцыг сонгоно. Мөн өөрийн сонгосон багцаас гадна нарийн мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авах боломжтой” гэлээ.


ЭМДТ-өөр дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог тав тухтай орчинд  хийх бол нөгөө талаас эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа аж. 


И.Даваадорж








Связанные новости