Коронавирусээр халдварласан иргэдийн 168 нь эдгэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад коронавирусний халдвар өчигдөр нэмж бүртгэгдээгүй бөгөөд 10 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Улсын хэмжээнд өчигдөр
249 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд, ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан
шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 16 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 39 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4
хүн, Замын-Үүдийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолоочийн шинжилгээ
багтсан бөгөөд бүгд сөрөг гарчээ.
Эдгэрсэн хүмүүс 19-35
насны долоон эрэгтэй, гурван эмэгтэй
бөгөөд ОХУ-д суралцаж байсан оюутнууд юм. Тэднийг 28-41 хоног эмчилжээ.
Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 215 бүртгэгдсэнээс 168 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 47 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 41 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүнийх хүндэвтэр байна.
ХӨСҮТ-д одоогоор 94 хүн тандалт, эмчилгээнд байна.