Хил залгаа ОХУ-ын хот, мужид халдвар нэмэгдсээр байгааг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-06-27 14:02:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ-ын Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д. Нарангэрэлийн өнөөдөр мэдээлснээр "COVID-19"-ийн халдвар 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 9.8 сая хүн өвчилж, 496 мянган хүн энджээ. 5.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 4 сая хүн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагийн байдлаар 182 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн энджээ. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл 33 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна. 

Бразил 46 мянгаар, АНУ-д 40 мянга, Энэтхэгт 15 мянгаар өвчлөл нэмэгдсэн байна. Эдгээр улс орон нь 24 цагийн байдлаар хамгийн их өвчлөл бүртгэгдсэн улс орон болж байна. Ялангуяа АНУ дахь дээрх тоо цар тахал гарснаас хойш өдөрт хамгийн олон шинэ халдвар бүртгэгдсэн тохиолдол болж байна. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн захирлын мэдэгдсэнээр, "COVID-19"-ийн халдварын эсрэг эм, вакцин гаргаагүй цагт бидний хийж чадах зүйл бол иргэд хооронд зай барих, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах нь биднийг хамгаалах найдвартай арга" гэдгийг дахин анхааруулжээ. Хөл хорио сулраад байсан Техас, Аризона, флорида мужийн иргэд хөл хорионы дэглэмд эргэн шилжихээр болжээ. 


ОХУ-д 24 цагийн байдлаар шинээр 6800 хүн өвчилж, 176 хүн нас баржээ. Буриад, Тува, Читад өвчлөл 93-270 хүнээр нэмэгдэн бүртгэгдээд байна. Эрхүү мужид 419 хүн шинээр халдвар авсан нь хамгийн их бүртгэгдсэн тохиолдол болж байна. Энд 6 хүн нас барж нийт нас баралтын тоо 250 болов. Тувад 270 хүн шинээр өвчилжээ. Ийнхүү манай улсын олон аймагтай хил залгадаг ОХУ-ын дээрх хот, мужид өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгааг анхаарууллаа. 

Дотоодод, Зоонозын өвчин судлалын баг өчигдөр тусгаарлах 2 байранд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийв. Энэ сарын 26-нд буюу өчигдөр 77 хүн шинээр ажиглалтад орж, 9 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжив. Одоо 2632 хүн ажиглалтад байгаагаас:

  • 1-5 насны 129 хүүхэд, 
  • 54 жирэмсэн эмэгтэй
  • архаг хууч өвчтэй 343 хүн байна. 

Тэдгээр хүнд 42 их эмч, 76 резидент эмч, эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн 188 сувилагч, 112 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. ЭМЯ-нд ирүүлсэн иргэдийн дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газруудад худалдагч үйлчлэгч нар  амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл голложээ. Тиймээс үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, амны хаалт заавал зүүх ёстой гэдгийг ЭМЯ-наас анхааруулав.

Б.Содгэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости