ХӨСҮТ-д тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-30 12:14:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаж, эдгэрээд ХӨСҮТ-д тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж охинтой болжээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ,  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эх өнөөдөр өглөө амаржиж охинтой болсон бөгөөд эх, нярайн бие сайн байна гэлээ. Одоогоор коронавирусний халдвартай жирэмсэн хоёр эмэгтэй хоёр, мөн хоёр хүүхэд эмчлүүлж байна. 



Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220, үүнээс 175 эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 45 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 34, хүндэвтэр оноштой 11 хүн байна.  



Улсын хэмжээнд өчигдөр нийт 357 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, Токио-Улаанбаатарын онгоцоор ирж ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй долоон хүн, тандалтын зорилгоор цуглуулсан зургаан сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.


ХӨСҮТ-өөс дараагийн тусгай онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж буй аж.

Связанные новости