Эрүүл мэндийн 33 байгууллагад автомашин хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламжийн чадавхыг нэмэх, зоонозын өвчнөөс сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн 33 байгууллагад нийт 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий "УАЗ-Фургон" маркийн автомашин хүлээлгэн өгөв. Энэхүү үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Өнгөрсөн
дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын төсөв 4 тэрбум төгрөгөөр буюу 40
хувиар нэмэгдсэн. Мөн бид өмнөх жилүүдэд парк шинэчлэлтийг 90 гаруй хувьд хүргэсэн бол одоо 100 хувьд хүргэхээр ажиллаж буйн нэг илрэл нь эдгээр автомашин олгож буй
явдал юм” хэмээв.
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга
Г.Дашдаваа, “Короновирусний цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах,
халдварын голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд орон нутгийн бартаат замыг
туулах чадвартай машин гардуулж байгаад баяртай байна. 2015 онд хот суурин
газар тохиромжтой “X-Trail” машин хүлээлгэн өгч байсан. Харин 20 жилийн дараа туулах
чадвар сайтай автомашинтай болсноор зоонозын өвчнийг тандан судлах, урьдчилан
сэргийлэх, тэмцэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Эдгээр автомашиныг байгалийн голомт бүхий зоонозын өвчнийг
тандах, хянах, урьдчилан сэргийлэх, хүний өвчлөл, эндэгдлийг бууруулах үүднээс Зоонозын
өвчин судлалын үндэсний төв болон зарим аймгийн Зоонозын төв, Улсын Хоёр, Гуравдугаар
төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон, Өмнөговь аймгийн Бүсийн
оношилгоо эмчилгээний төв зэрэг 33 байгууллагад олгосон юм.
И.Даваадорж