ДЭМБ: Коронавирусний халдвар хурдацтай нэмэгдэж байгаа ч цар тахлын оргил үед хүрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-08 12:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлаар шинэ төрлийн коронавирусний халдвар эрчимтэй байгаа ч цар тахлын оргил үед хүрээгүй байгааг мэдэгджээ.


Иймээс улс, ард түмэн эв нэгдэлтэй байж, иргэд амны хаалт зүүх, гараа угаах, зай барих зэрэг  амьдралын  шинэ хэв маягт шилжих хэрэгтэйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ээлжит мэдээллийн үеэр онцлов.


Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дотор 193 мянга гаруй хүн шинээр халдварлаж, 5 мянга гаруй хүн энджээ. Өвчлөл өмнөх өдрөөс 55 мянгаар, нас баралт 2 мянга гаруйгаар өссөн байна. ОХУ-д 6368 хүн коронавирусээр халдварлаж, 198 хүн энджээ. Манай улстай хил залгаа ОХУ-ын бүс нутагт өвчлөл 34-73 тохиолдлоор нэмэгджээ. Тува улсад 73 тохиолдол нэмэгдэж, өвчлөл буурах шинж ажиглагдаж байна.

Манай улсын хувьд 215 хүн ажиглалтад орж, 52 иргэн ажиглалтаас гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогоор тусгаарлах байранд 2995 иргэн байгаагаас 5 хүртэлх насны 185 хүүхэд, 105 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 377 иргэн байна. Эдгээр иргэдэд 58 их эмч, 87 рездидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгай нислэгээр ирсэн 93 хүн эмчлүүлж, зургаан өвчтөн эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 12 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 6000 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 тусгай дугаарт 157 дуудлага ирж, “COVID-19 халдварын эмнэл зүй, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж зөвлөгөө авчээ.

Өнөөдрийн байдлаар, короновируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 11 сая 926 мянган хүн халдварлан, 545 мянган хүн энджээ. Мөн зургаан сая гаруй хүн эдгэрсэн бол таван сая орчим хүн эмчлүүлж байна.

 

И.Даваадорж

 

 

 

Связанные новости