Коронавирусээр халдварласан нийт 200 хүнийг эмчлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-07-11 12:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

Эдгэрсэн иргэд нь 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй бөгөөд  15-16 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Ийнхүү манай улсад 227 тохиолдол бүртгэгдэж, 200 иргэн эдгэрлээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй  өвчтөнүүдээс 24-ийнх нь биеийн байдал хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна.

 

Улсын хэмжээнд дөрвөн лабораторид өчигдөр 681 сорьцод шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан 13 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 262 иргэн, давтан шинжилгээнд хамрагдсан 18 хүн, идэвхтэй тандалтын зорилгоор нийслэлийн 5 иргэн, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Бага Баян амралтын газар тусгаарласан 270 иргэн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 14 жолооч, Замын Үүд боомтоор орж ирсэн 99 иргэн халдваргүй гарчээ.  

 

Мөн  Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцод мэндэлсэн ихэр охид болон эхийн биеийн байдал хэвийн байгааг мэдээллээ. 


И.Даваадорж

Связанные новости