"COVID-19"-ээр дахин халдварлах боломжтойг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлаар халдварлаад эдгэрсэн хүнд тогтсон дархлаа нь хэдэн сарын дараа буурч дахин халдвар авах боломжтой гэдгийг Их Британийн Лондонгийн эрдэмтэд тогтоожээ.
Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, “Коронавируст халдвар нь энгийн улиралд тохиолддог томуут, томуут төст өвчинтэй адилхан халдвар дахин авах боломжтойг эрдэмтэд судалгааны дүнд үндэслэн тогтоогоод байна" гэв.
Австрали, Шинэ Зеланд зэрэг улсад гарч буй улирлын томуугийн шинж тэмдэг нь манай улсын улирлын томуугийн шинжтэй төстэй. Австралид тархаж буй улирлын томуу төст өвчний байдлаас ажиглан харвал манай улсад 2020, 2021 оны улирлын томуу нь коронавирустэй зэрэгцэн тархах магадлалтай учраас хүн бүр дархлаагаа сэргээж, бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.
Австралид улирлын томуугийн вакцинаас гадна коронавирусний вакцины эмнэл зүйн туршилтыг эхэлжээ. Энэ вакцин үр дүнтэй болбол 2021 оны эхээр худалдаанд гаргах аж.
С. Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр