Коронавирусний батлагдсан тохиолдол нийт 262 боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-17 11:43:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 15-нд ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсад уг вирусний батлагдсан тохиолдол 262 боллоо.


Харин өчигдөр хоёр иргэн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Тодруулбал, 58 настай эрэгтэй 42 хоног,  59 настай эрэгтэй 30 хоног эмчлүүлээд, эмнэлгээс гарч байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлоос 211 нь эдгэрсэн бол одоогоор 50 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.


Улсын хэмжээнд өчигдөр 438 сорьцод шинжилгээ хийхэд, 437 нь коронавирус илрээгүй. Тодруулбал, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 240 иргэн, өнгөрсөн сарын 26-нд Москва хотоос ирсэн 75 цэргийн албан хаагчаас коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 72 иргэний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт зам засаж буй БНХАУ-ын 32  иргэн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 18 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ.


И.Даваадорж

Связанные новости