Б.Янжмаа: АНУ-ын 14 мужид эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний тохиолдлын бүртгэлээр олон улсад тэргүүлж буй АНУ-ын Аризона, Невада, Техас, Калифорни зэрэг 14 мужид эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор 67 мянга 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 877 хүн энджээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 3.7 сая болж, 139 мянга 600 гаруй хүн эндээд байна. Тэгвэл коронавирусний тохиолдлоор хоёрт байгаа Бразил улсад халдвар буурах шинжтэй байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор 23 мянга 500 гаруй хүн коронавирусээр халдварлаж, 716 хүн нас баржээ. Ийн нийт халдвар авсан хүний тоо 2 сая 98 мянга гаруй болж, 1 сая 371 мянган хүн бүрэн эдгэрчээ.
БНЭУ-д өчигдөр 38 мянга 900 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 1.7 сая гаруй болжээ. Японд 24 цагийн дотор 509 тохиолдол бүртгэгдсэний 294 нь Конто бүс буюу Токио, Саятама, Канагава, Чибад байна.
БНХАУ-ын эх газар шинэ тохиодол бүртгэгдээгүй ч Шинжаан Уйгурын өөртөө засах оронд халдвар нэмэгдэв. Мөн тус улсын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт 108 тохиолдол бүртгэгдлээ. Иймээс Хонгконгийн эрх баригчид нийтийн албанд ажиллаж буй 180 мянга гаруй албан хаагчийн дийлэнх хэсгийг өнөөдрөөс буюу энэ даваа гарагаас эхлэн гэрээс ажиллах шийдвэр гаргажээ.
И.Даваадорж