Д.Нямхүү: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн
вирус судлалын лаборатори, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн
лабораторид 520 хүний сорьцод коронавирусний шинжилгээ
хийжээ.
Шинжилгээгээр Коронавирусний халдвар илрээгүй талаар ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Тодруулбал, Сөүл-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 20-нд ирсэн 254 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээг хийсэн. Тус эмнэлэгийн 39 эмч, ажилтны хяналтын шинжилгээ болон Улсын хоёрдугаар төв эмнэлэгээс санамсаргүйгээр тандалтын зорилгоор гурван хүний сорьцод шинжилгээ хийв. Мөн коронавирус илрээгүй байна. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор орж ирсэн 165 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.
Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдсэнээс одоогийн байдлаар 213 тохиолдол эдгэрч, 74 эмчлүүлж байна. Удахгүй улиралын томуугийн үе эхлэх гэж байна. Коронавирусний халдвартай зэрэгцээд улиралын томуу нэмэгдвэл эрүүл мэндийн салбарын ачаалал асар ихээр нэмэгдэнэ. Тиймээс бүх ард иргэд дор бүрнээ хариуцлагтай байх хэрэгтэй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцлов.
С. Туул