Нэг эмэгтэй эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан 34 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлын үеэр мэдээллээ.
Тэрээр, “ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лаборатори 426 хүний сорьцод коронавирусний шинжилгээ хийхэд халдварын тохиолдол илрээгүй байна" гэв.
Тодруулбал, Энэ сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 260 хүн,идэвхтэй тандалтын зорилгоор санамсаргүй байдлаар сонгосон 14 хүний сорьц, ажиглах байранд тусгаарласан 60 хүн, "Алтан булаг" хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочид коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймагт тусгаарласан хоёр хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарласан 8 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.
Түүнчлэн, энэ сарын сүүлээр гадаад орнуудаас иргэдээ татан авах 3 удаагийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авах бэлтгэлээ хангажээ. Нислэгээр аль улсаас, хаанаас ирж буй иргэдээс коронавирусний халдвар илэрч байгаа дээр дүгнэлт хийн ажиллаж, цаашид яаж олон монгол иргэнээ эх оронд нь авчрах гэдэгт онцгой анхаарч төлөвлөгөө гаргаж байгааг дуулгалаа.
С.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр