ДЭМБ: Сургууль, цэцэрлэгийг нээхдээ онцгой дэглэм сахихыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-07-23 13:06:45

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар нь сургуулийн хүүхдээр дамжиж хүн амын дунд тархах магадлал өндөр байна. Ийм нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхдээ халдвар хамгааллын онцгой дэглэм сахих ёстойг ДЭМБ анхаарууулан зөвлөжээ. Энэ талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.  

Тэрээр, “Сургуулийг нээх тохиолдолд амны хаалтаа сайтар зүүх, хүн хоорондын зайг баримтлах, гараа сайтар савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал гэдгийг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эмч нар онцолсон” гэв.

АНУ-ын Өвчлөл судлалын үндэсний төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр тус улсын 39 мужид халдвар нэмэгдсээр байгаа нь хорио цээрийн дэглэмийг яаран сулруулсантай холбоотой аж. Вашингтоны их сургуулийн тооцооллоор АНУ даяар хүн бүр амны хаалт зүүснээр 11 дүгээр сар гэхэд тус улсад халдварт өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг 5 мянгаар бууруулах боломжтой гэж гарчээ.

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 15 сая 101 мянган хүн өвчилж, 9.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Дэлхий дахинд 24 цагт 202 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн нас баржээ.

С.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости