Д.Нямхүү: Шинжилсэн 903 хүнээс халдвар илрээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлын талаар хийдэг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр манай улсад өчигдөр 18 хүн ажиглалтад орж, 72 хүн ажиглалтаас гарчээ. Одоо 2616 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 208 албан хаагч үйлчилж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 153, шуурхай аппликейшнд 4 хүн холбогдож "COVID-19"-ийн халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авчээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, тус төвийн хоёр лаборатори болон Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид одоогийн байдлаар 903 хүнийг шинжлэхэд коронавирусний халдвар илрээгүй.
Үүнд, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн онгоцоор энэ сарын 4-нд ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ орж байна. Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 иргэний 2 дахь давтан шинжилгээ, БНХАУ-аас ирсэн 190 гаруй иргэний шинжилгээг мөн хийсэн. Эдгээр иргэд нутаг буцахаар болсон.
Мөн 39 эмч, ажилтанд шинжилгээ хийсэн. Дорнод аймагт тусгаалаад байсан нэг иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гөрчээ. Өнөөдөр Афганистан улсаас 15.30 цагт ирэх 120 гаруй хүнийг хүлээн авахад бэлтгэж байна. Үүнд онцгой анхаарч байна гэв. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалд шилжиж байна.
Манай улсад батлагдсан тохиолдолд 288 болж, 218 хүн эдгэрээд байна.
Олон улс дахь мэдээллээр, нөөдрийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 4 саяыг давав. ОХУ-д халдвар авагсдын тоо мөн 800 мянгыг давлаа. БНСУ-д 113 шинэ тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-д 34 шинэ тохиолдол илрээд байна. АНУ-ын Нью-Йорк хотод хүүхдүүдэд зориулж хоорондоо хүрэлцэхгүй тоглох боломжтой 2.5 км орчим гудамж байгуулж "COVID-19"-ийн халдвараас сэргийлж буй талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
"Гадаадын орнуудаас ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. Гэтэл зарим хүнийг ингэж тусгаарлахгүй байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хариулав. Тэрээр “Эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалах хувцсаа ном журмын дагуу өмсч байсан тул 14 хоног тусгаарлах шаардлагагүй. Мөн тээврийн жолооч нарыг 14 хоног хянахгүй. Тээврийн жолооч нарыг иргэд рүү оруулахгүй, хүнтэй уулзуулахгүй байгаа. Харин шинж тэмдэггүйгээр өвчилсөн байх магадлалтай тул гадаад орноос ирсэн иргэдийг 21 хоног ажиглан тусгаарлаж байгаа” гэв.
Мөн өнгөрсөн энэ 7 хоногт хийсэн эрдслийн 10 дахь удаагийн үнэлгээний талаар мэдээлэхдээ, эрсдэл өндөр байгаа энэ үед сургууль, цэцэрлэгийг хэрхэн нээж, хичээллүүлэх талаар ярьсан. Цаашид байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Гадаад орнуудаас монгол иргэдээ татан авах нислэгийг нэмэгдүүлж байгаа. Халдвартай болон өвчтэй хүмүүс хэр ирэх бол гэдэг асуудал бий. Олон ирвэл тэр хэрээр эрсдэл нэмэгдэх болно” гэлээ.