Шинэ сургууль 9 сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 09:16:10

Өмнөговь аймаг хүүхэд залуусыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд боловсролын салбарт 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Түүний нэг жишээ бол барилгын ажил нь  ид өрнөж байгаа  1200 хүүхдийн багтаамж бүхий дунд сургууль, хүүхэд залуусын хүлээлт болсон соёл спортын цогцолбор хоёр юм. Соёл спортын цогцолборын хувьд Оюу толгой ХХК 50 хувийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд нэлээд цаг хугацаа алдсан боловч говь нутгийн хүүхэд залуусын төлөө хөрөнгө оруулалтын ажлыг хийхийг аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс шаардсаар байсан. Ямар ч гэсэн ирэх 9 сард 1200 хүүхдийн багтаамж бүхий шинэ сургууль мөн соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулна гэж бүтээн байгуулалтыг хариуцсан компаний удирдлагууд хэлж байгаа юм.

Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын цөм болсон тус 2 объект ашиглалтад орсноор бусад сургуулийн ачаалал багасч, сургуулийн хүрэлцээ нэмэгдэхийн зэрэгцээ, шинээр ажлын байр бий болно гэж аймгийн удирдлагууд үзэж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Связанные новости